Main » 2013 » August » 29 » iPhone 5 ийг мэргэжилтнүүдийн дүгнэлтээс

iPhone 5 ийг мэргэжилтнүүдийн дүгнэлтээс

iPhone 5-ын талаар мэргэжилтнүүдийн дүгнэлтээс :
9 сарын 12-ны Apple-ын арга хэмжээн дээр анх танилцуулагдсан iPhone 5 өмнөх загвар iPhone 4S-ээсээ төдийлөн өөрчлөгдөөгүй мэт сэтгэгдэл төрүүлсэн талаар зарим хүмүүсээс сонсож болно. Магадгүй үүнийг уншигч та ч тийм бодолтой үлдсэн байж болох. Тэгвэл энэ удаагийн мэдээллээрээ шинэ загварын давуу талуудыг түлхүү гаргаж үзүүлэхээр шийдлээ. Учир нь Apple-ын бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд ойр байж мэдээлэл түгээдэг сайтуудын нийтлэгчид ихээхэн ам сайтай байгаа юм. Мөн урьдчилан захиалга авсан өдрөө 24 цагийн дотор 2 сая, нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүдэд нийт 8 сая ширхэг iPhone 5 борлуулагдсан байна.
Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд томоохон байр суурь эзлэж, өрсөлдөгчиддөө хүндхэн цохилтуудыг өгсөөр ирсэн iPhone-ын энэ хувилбар илүү хурдан, нимгэн, хөнгөн болсон хэдий ч дэлгэцээ томруулж 4 инч болсон билээ. Түүгээр зогсохгүй баттерей зарцуулалтыг сайжруулсан байна. Apple-ын хүлэгт баатар (Sir) John Ivy гарт эвтэйхэн байхаас гадна тансаг харагдах дизайныг хослуулж чадсан байна. 

Apple фирмийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хөндлөнгөөс хүчтэй, нөлөө бүхий дүгнэлтүүдийг өгч байдаг Wall Street Journal-ын Walt Mossberg (Steve Jobs түүнийг ихээхэн хүндэтгэдэг байсан бөгөөд шинэ бүтээгдэхүүний танилцуулгын дараа түүний дүгнэлтийг ихээхэн ач холбогдол өгч уншдаг байсан талаар Jobs-ын намтар номонд бичсэн байдаг) 9 сарын 12-ны арга хэмжээнээс iPhone 5-тай гэртээ харьсан юм. Тэрээр хэлэхдээ "Би бүтэн долоо хоногийн турш iPhone 5-ыг тестэлж, шалгаж үзлээ. Надад маш их таалагдсан бөгөөд танд сэтгэл дүүрэн санал болгож чадах байна. Мэдээж энд зарим нэг дутагдалтай талуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Жишээ нь Maps апп маш том нэг давуу талтай боловч нилээн хэдэн дутагдалтай талуудтай байна. Эцсийн дүнд миний хувьд iPhone-ыг хамгийн шилдэг смартфон гэж дүгнэж байгаа бөгөөд ялангуяа 700,000 гаруй аппын сантай App Store-гүйгээр үүнийг төсөөлөх аргагүй юм" гэжээ. Мөн тэрээр "Би шинэ iPhone-ыг дэлгэц нь томорсон хэдий ч гарт барихад эвтэйхэн байгааг нь анзаарсан. Apple-ын бүтээгдэхүүний чиг хандлага нь хэрэглэхэд тухтай байхад зориулагдсан байдаг. iPhone 5 нь гартаа барьж явах, цүнх, халаасанд хийж явахад хялбар, утсаар ярихаар нүүртээ барих үед хэвийн харагддаг. Хэдийгээр харагдах дизайны хувьд өмнөх iPhone 4S-ээс эрс шинэчлэгдэж чадаагүй ч маш том нэг өөрчлөлтийг агуулж байна. Та iPhone 5-ыг гартаа анх барих мөчид өмнөх загвараасаа 20%-аар хөнгөн болсныг шууд л мэдрэх болно" гэсэн байна. 

Харин The New York Times-ын David Pogue өөрийн дүгнэлтэндээ "Хамгийн түрүүнд дизайны талаар эхлэмээр байна. Шинэ iPhone нь хар цагаан өнгөний сонголттой, маш үзэмжтэй харагдаж байна. Ялангуяа хар өнгөтэй нь хар өнгийн шилэн нүүр дээр хар өнгийн хөнгөн цагаан их биеийн оруулгыг хийж өгснөөр Stealth бөмбөгдөгч онгоцыг санагдуулам харагдаж байна. Мөн надад ажиглагдсан томоохон өөрчлөлт, давуу талын нэг нь камер байлаа. Шинэ iPhone-ын камер нь бусдаасаа илүүрхэж байна. Гэрэлтүүлэг багатай орчинд зураг авахдаа илүү болж, зураг авах хоорондын зай 40%-аар хурдан (дарааллан олон зураг дарах маш хурдан дарах тохиолдолд) болсон байна. 1080р өндөр нарийвчлалаар бичлэг хийж байхдаа ч зураг давхар дарах боломжтой болсон нь давгүй байлаа" гэжээ.
Бусдаас түрүүлэн өөрсдийн гар дээр бүтэн 7 хоногийн турш iPhone 5-ыг туршиж амжаад буй бас нэгэн эрхэм болох TechCrunch-ын MG Siegler "Гартаа анх бариад авахад нэг л хуурамч юм шиг, үзүүлэнгийн загвар шиг хөнгөн санагдсан. Гэхдээ энэ нь маш хямд санагдсан гэсэн үг биш бөгөөд харин ч эсрэгээрээ тансаг харагдаж байлаа. Зүгээр л жинхэнэ гэхэд хэцүү байсан юм. Ялангуяа сүүлийн 2 жилийн турш iPhone 4/4S барьж байгаа хүнд бол. Ямартай ч би дэлгүүрийн үзүүлэнд зориулан тавьсан хуулбаруудтай харьцуулан үзэх гэснээ энэ нь тийм ч тохиромжтой харьцуулалт биш болохыг ойлгосон юм. Тэрний оронд зарим нэг өрсөлдөгч Андройд утаснуудтай харьцуулж үзсэн нь дээр. Учир нь тэдний зарим нь маш хөнгөхөн байдаг шүү дээ. Хамгийн гол түлхүүр ялгаа нь тэдгээр Андройд утаснууд хуванцар байдаг учраас хөнгөн байхаас аргагүй. Энэ нь маш хямд мэт сэтгэгдэл төрүүлдэг байх" гэж сэтгэгдэлээ хуваалцсан байна.
За мөн техник үзүүлэлтийн тестийн үр дүнгүүд эхнээсээ гарсаар байна. iPhone 5 нь Самсунгийн үйлдвэрлэсэн? 32 bit LPDDR2, 1066MHz, 2 ширхэг 512-ын RAM-тай. 8528 мб/секунд санах ойн давтамжийн урттай байгаа нь iPhone 4S-ээс 33%-аар хурдан байна. 1gb RAM, маш хурдан процессорынхоо тусламжтайгаар iPhone 5 нь Nexus One X, Galaxy S III-аас илүүрхэнэ үү гэхээс дутахааргүй болжээ. Apple-ын инженерүүдийн зохион бүтээсэн Dual Core 1.02GHz хурдтай А6 CPU нь Geekbench-ын тестеер 1601 оноо авсан байна. Энэ нь өмнөх загваруудаа хол хаясан үзүүлэлт төдийгүй одоо зах зээл дээр байгаа Андройдын хамгийн өндөр үзүүлэлттэй смартфонууд болох Nexus 7-оос 10, Galaxy S III-аас 40 оноогоор CPU-ны хурдаараа илүү байгаа нь юм. 

CPU-ны хурдын ялалт үүгээр дуусаагүй бөгөөд AnandTech-ынханы SunSpider 0.9.1-аар хийсэн javascript-ын тестийг тэргүүлсэн төдийгүй бусад өрсөлдөгч смартфонуудыг хол хаясан үзүүлэлт гарсан байна. 

Apple-ын смартфоны зах зээлд тэргүүлэгч байлгаж байдаг бас нэгэн гол үзүүлэлт бол яах аргагүй Retina display юм. 326ppi өндөр нягтралтай, шилэн гадаргуутай дэлгэц нь өнгө, дүрсний өндөр ялгаралтай. Энэ нь Galaxy S III-аас 20ppi- аар өндөр үзүүлэлт юм. Дэлгэцийн өндөрийн хэмжээ 4 инч болсон талаар өмнө нь мэдээлсэн. 1136 х 640 харьцаатай болсон нь 16:9 харьцаатай болсон байна. Хэдий дэлгэцийн хэмжээ томорсон ч нэг гараараа барин үйлдэл хийхэд хялбар хэвээр байгаа талаар мэргэжилтнүүд дүгнэсэн байна. 

Хувийн дүгнэлт:
Миний бие Apple фирмийн бүтээгдэхүүн хэрэглэж эхлэснээс хойш төдийлөн удаагүй буюу 4 жил болсон байна. Энэ хугацаанд Apple фирмийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны талаархи мэдээллүүдэд ихэд анхааралтай хандаж, улам бүр зах зээлд хүчирхэгжиж байгааг ажиглаж ирсэн бөгөөд Дэлхийн хамгийн том технологийн компани болоход нь огтхон ч гайхаагүй. Харин энэ удаад олон мянган хэрэглэгчид, уншигчдын адилаар 2012 оны 9 сарын 12-ны Apple-ын үйл ажиллагаан дээр iPhone 5 танилцуулагдахыг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд хүлээлтэд маань хүртэл өөрчлөлтүүдийг авчирч чадаагүй мэт сэтгэгдэл эхэндээ төрж байсан юм. Энэхүү мэдээг хүргэх явцад болон вэбээр тархсан эхний хэрэглэгчдийн сэтгэгдэлийг уншиж судлах явцад арай өөр сэтгэгдэлтэй үлдэв. Юу вэ гэхээр TechCrunch-ын MG Siegler-ын зөвлөснөөр аль болох хурдан гар дээрээ барьж үзэн төрсөн сэтгэгдэлээ блогоороо дамжуулан хүргэх ёстой юм байна гэж бодлоо. Та бүхэнд дэлгэрэнгүй, бодит харьцуулалт, сэтгэгдэлийг дараагийн удаа iPhone 5-ын хамт хүргэх болно.
View: 1124 / Added by: mongolianapplefan / Date: 2024-11-28
Comments 4
Total comments: 0
Name *:
Email:
Code *: